Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт /УХТЭ/ резидентийн сургалтыг дүүргэж, үндсэн мэргэшил эзэмшсэн эмч нарт “Үндсэн мэргэшлийн үнэмлэх гардуулах” ёслолын арга хэмжээг 02 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
УХТЭ нь 2008 оноос төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа эрхэлж бөгөөд 12 дахь жилдээ резидэнт эмч нарыг төгсгөж байна. Энэ удаагийн сургалтаар нийт 34 эмч дотор, дүрс оношилгоо, мэс засал, мэдрэл судлалын чиглэлээр үндсэн мэргэшлийн үнэмлэх гардан авсан бол 22 сувилагч төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхээ гардан авлаа.
Энэхүү арга хэмжээг нээж, УХТЭ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Өнөөдөр үндсэн мэргэшлийн үнэмлэхээ гардан авч байгаа эмч нартаа баяр хүргэе. Коронавирусийн цар тахлын хүнд нөхцөл байдалд бидний ажилд дэм болон оролцож, бүхий л хүнд цаг үед хамт түүх бүтээлцсэндээ баяртай байна.
Үндсэн мэргэшил эзэмшсэн та бүхэн хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, ёс зүйтэй эмч байж, багш нартайгаа эргэх холбоотой насан туршийн багш шавийн барилдлагатай байх хэрэгтэй. Та бүхний ажилд амжилт хүсье." хэмээлээ.
Төгсөгч эмч нар өөрсдийн бэлдсэн “Бид нар эх орны дуудлагаар дайчлагдаж, түүх бүтээлцсэн юм” фото танилцуулгыг энэ үеэр үзүүлж, цар тахлын үед ажиллаж байсан баримтыг түүх болгон УХТЭ-д үлдээсэн юм.