ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ОРЧИН” АЯН ЭХЭЛЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах зорилготой тус аяныг нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Монгол Улсын Засгийн Газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол гэмтэлтэй тэмцэх сар” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд орчны эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.

ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд осол гэмтлийн шинэ тохиолдол 153.365 бүртгэгдсэнээс 0-17 насны 61.016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, та бидний оролцоо хамгаас чухал юм.

ДЭМБ-ын статистик мэдээллээс үзвэл, осол гэмтэл болон хүчирхийллийн улмаас дэлхий дээр таван секунд тутамд 1 хүн, жил бүр нийт 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг онцлон тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий ассемблейн “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-т осол гэмтлээс урьдчилан сэргийлж 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувь, зам тээврийн ослын нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн ажиллахыг улс орнуудад зөвлөсөн. Энэ дагуу “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод зонхилон  тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвх оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах ажлыг үндсэн зорилтын нэгээр тодорхойлсон байдаг.