Эрүүл мэндийн сайд С.Чинзориг харьяа байгууллагуудын дарга нартай уулзаж, эрүүл мэндийн салбарт Засгийн газрын тавьж буй бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд баримталж ажиллах зарчим, тавих шаардлагаа танилцуулж, тодорхой үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр эмч, эмнэлгийн ажилтнууд сүүлийн гурван жилд ковидын халдварын амаргүй хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилласныг онцлоод 2023 онд эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч, хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг, эрүүл мэндийн боловсролтой болгоход чиглэсэн үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэдгийг хэллээ.
13а маягтыг ирэх улирлаас цаасаар шаардахгүй
Эрүүл мэндийн салбарын стандартуудыг шинэчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартыг боловсруулж нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг сайд дурдаад энэ чиглэлд тодорхой асуудлуудыг хийж хэрэгжүүлнэ гэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд 2020 онд өөрчлөлт орсон бөгөөд хуулийн гол зарчим эмнэлэг иргэнийг биш иргэн эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилтыг хангах зарим нэг өөрчлөлтийг ч хийх ёстой.
“Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс амаар болон бичгээр шаардахгүй байх зарчим эрүүл мэндийн салбарт ч үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн наад зах нь иргэнээс шаарддаг 13А маягтыг цахимжуулж хоёрдугаар улирлаас цаасаар авахгүй болгоно. Үүнтэй холбоотойгоор иргэдийг чирэгдүүлэхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй шат шатны эмнэлгүүдийн ачааллыг нэмэхгүй байх арга замыг тодорхойлоход ажил хариуцаж буй хүмүүсийн санал чухал гэдгийг анхаарууллаа.
Тусгай захиалгат стратегийн бүтээгдэхүүний санал авна
Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд хоёр жил болж буй ч боловсронгуй болгох шаардлага байгаа. Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг цогцоор нь хийхгүйгээр зөвхөн санхүүжилтийн тогтолцоог өөрчилсөн нь учир дутагдалтай. Гарааны тэгш бус нөхцөлд хэрэгжихэд хүндрэлтэй байгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаа харуулсан. Эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хувьд хариуцсан байгууллагадаа санхүүгийн сахилга батыг чанд баримталж өр авлага үүсгэхгүй байхад анхаарах ёстой.
Монгол Улсад эмчилж оношилж чадахгүй 26 өвчний жагсаалт гаргаж сайдын тушаалаар баталсан хэрнээ гадагшаа эмчилгээнд явахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй, эмчлүүлээд ирсэн хойно нь гаргасан зардлын 5.0 хувийг л олгодог зарчмыг халах цаг нь болсон. Үүний тулд улсын болон хувийн томоохон эмнэлгүүдтэй тусгай захиалгат стратегийн бүтээгдэхүүний санал авна. Өөрөөр хэлбэл, дотооддоо оношилж эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх, оношлох арга технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллана.
ЭМДС-гаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтыг шинэчлэх, эмийн чанар, хүртээмжид анхаарч, үнэд хяналт тавих, эмийн нөөц бүрдүүлэх зэрэг олон ажлыг хийх шаардлагатай байгааг онцлоод хариуцсан чиглэл бүртээ санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг хүслээ.
Элдэв шалтгаанаар халаа сэлгээ хийхгүй байхыг анхааруулав
Эрүүл мэндийн салбарын бас нэг тулгамдсан асуудал нь боловсон хүчний бодлого суларсантай холбоотойгоор хүний нөөцийн хомсдолд орж, чадавхи муудсан. Байгууллагын дарга удирдлагууд төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, хуулийн хариуцлага тооцоогүй, мэргэжлийн ноцтой алдаа гаргаагүй бол халаа сэлгээ хийхгүй байхыг анхаарууллаа.
Уулзалтын төгсгөлд С.Чинзориг сайд “Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа энд бусдын төлөө өөрийгөө зориулъя гэсэн сэтгэлтэй хүн л ажилладаг гэж би ойлгодог. Тиймээс та бүхнээс хамгийн гол нь ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байхыг хүсч байна” хэмээгээд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн удирдах, гүйцэтгэх ажилтны ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гаргасан Албан даалгаврыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.